Баярын мэндчилгээ

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлчилгээний чиглэлээр жижиг бизнесийн нэгжээс үндэсний хэмжээний ханган нийлүүлэлтийн компани болтлоо өргөжсөн “ЦБОН” компанийн 20 жил тохиож байна. Бид анх 1999 онд инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх, нарийн хэмжил зүйн багаж, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. “ЦБОН” компани нь мэргэшсэн, туршлагатай төслийн хамт олон бүтээгдэхүүн болон үйлчилгээг цогцоор нь санал болгож 1,000,000 гаруй засвар, үйлчилгээний бараанаас уул уурхай, үйлдвэрлэл цогц шийдэл хүртэл бүгдийг харилцагчдадаа хүргэн ажилладаг. Энэ хүрээнд 2000 оноос анхны шугам хоолой гэрээ болон цахилгаан, мэдээллийн холбооны төслийг хэрэгжүүлж эхлэн, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Япон улсын JICA байгууллага, Герман улсын Боловсрол, Судалгааны яам зэрэг төрийн болон олон улсын томоохон байгууллагуудтай хамтран уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хэмжээнд болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Бид 20 жилийн түүхийнхээ онцлох хуудсыг эргэн сөхвөл, 2011 онд Монгол улсын Засгийн газартай хамтран алслагдсан сумдад ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах төсөлд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 18 аймгийн алслагдсан сумдын цэвэр усны хангамжийг шийдэж өгсөн билээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих зорилгоор Дэлхий банкны Сургуулийн өмнөх сургалтын хөтөлбөрийн дэд бүтцийн гүйцэтгэгчээр ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын төвүүдийн дэд бүтцийг гүйцэтгэснээр хүүхдүүд аюулгүй, тухтай сурах орчин бүрдүүлж өгсөндөө баяртай байдаг. Түүнчлэн 2008 онд Япон улсын JICA төслийн Дархан хот дахь усан хангамжийг сайжруулах төсөлд дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2010 онд Герман улсын Боловсрол, Судалгааны яамны Сайжруулсан Усны Нөөцийн “МОМО” төсөлд судалгааны туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Түүнээс гадна Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй “Оюутолгой” компанийн томоохон шугам хоолойн төслийн гэрээнд гарын үсэг зурж, үндэсний бүтээн байгуулалтад гар бие оролцсоноо дурдах нь зүйн хэрэг юм. Энэхүү 20 жилийн түүхэн хугацаанд бидэнтэй түншлэн ажиллаж, уул уурхайн, аж үйлдвэрийн салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж буй бүх аж ахуйн нэгж байгууллага болон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.